Monday, September 8, 2008

Зар сурталчилгааны ашиг тус

Доорх зөвлөмжүүд үр дүнтэй зар сурталчилгаа бүтээхэд тань туслах зорилготой. Үүгээр мэргэжсэн зар сурталчилгаа зохиогч болохгүй бөгөөд та мэргэжлийн хүн хөлслөх нь дээр байж ч болох юм. Зар сурталчилгааны агентлаг нь таны бизнесийн төлөө зар сурталчилгааны компани зохион байгуулахын тулд эдгээр зөвлөмжийг хэрэглэнэ үү.

Зар сурталчилгааны компанит ажлаа эхлэхээс өмнө та сэтгүүл, сонин, зар мэдээ харж, телевиз үзэж, радио сонсож танд таалагдаж, урам зориг өгч буй зар сурталчилгаануудыг хайх ажил хий. Үүний дараа тэдгээрийн нийтлэг чанарыг судалж, сайн зүйлсийг нь дууриахыг хичээ.

Хэвлэл мэдээллийн янз бүрийн хэрэгсэлд зориулж ямар зар сурталчилгаа зохиож болох талаар мэдэж авъя гэвэл дараах жагсаалтыг үзнэ үү.

*** Хэвлэлийн зар сурталчилгаа (сонин, сэтгүүл)

Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network
Та орон нутгийн сонин, Хүмүүс сэтгүүлийн алинд нь ч зар сурталчилгаагаа тавьсан бай, таны хэвлэлийн зар сурталчилгаа мэргэжлийн өнгө үзэмжтэй байх ёстой.

Танай бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөгчдөөс ялгарах шинж чанар буюу борлуулалтын онцгой саналд уншигчийн анхаарлыг хандуулахын тулд хүчтэй текст, анхаарал татах зураг ашигла.

Таныг мэдээллээ үр дүнтэй хүргэхэд эдгээр зөвлөмж тусална.

Гарчиг нь хэвлэлийн зар сурталчилгааны хамгийн чухал хэсэг байдаг. Энэ нь уншигчийг улам их зүйл уншихад хүргэдэг зүйл юм. Зар сурталчилгаагаа гаргахдаа цаг зарцуулж зөв хийх хэрэгтэй. Партизаны маркетингийн мэргэжилтэн Жэй Лэвинсон "Хэрэв та зар сурталчилгаагаа хийхэд 10 цаг зарцуулдаг бол 9-ийг нь гарчгаа бүтээхэд зарцуулах ёстой" гэж хэлсэн.

Гарчиг нь санаа дамжуулах буюу уншигчид илүү их зүйл мэдэх сонирхол төрүүлэх ёстой. Хэрэв таны гарчиг асуултын хэлбэртэй бол...ТАНЫ ЦАЛИН БАГА БАЙНА УУ?...хариулт нь дандаа ТИЙМ гэж байх ёстой!!!

Боломжтой бол өнгө хэрэглэ. Өнгөт зар сурталчилгааны хариулах түвшин хар цагаан зар сурталчилгааныхаас нэлээд их байдаг.

Таны зар сурталчилгааны урт нь бүтээгдэхүүн эсвэл мэдээтэй зохицож байх ёстой. Урт зар сурталчилгаа мэдээлэл сайтай харагддаг. Тиймээс техникийн бүтээгдэхүүнд ашигтай байж болно. Богино зар сурталчилгаанд зураг их зай эзэлдэг бөгөөд богинохон мэдээ байдаг; хэрэв та имиж сурталчилж байвал үүнийг хэрэглэ.

Мэдээгээ товч байлга. Уншигч таны зар сурталчилгааг уншихад их цаг зарцуулна гэж бодож болохгүй. Зар сурталчилгаагаа энгийн байлга. Ашиг тусыг тодотгож өг. Борлуулалтын онцгой чанараа цохон тэмдэглэ. Тойруулах юм уу хэт ухаантай байх гээд хэрэггүй. Гол санаагаа гарга. Хошигнолыг хэрэглэхдээ маш болгоомжтой бай. Уншигч болгон таны хошигнолыг ойлгохгүй.

Төвөгтэй, этгээд үг хэллэг бүү хэрэглэ. Этгээд үг хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд үүнийг бодох хэрэгтэй...хэрэв та 100000 хувь гардаг сонинд зар сурталчилгаагаа тавьж байгаа гэж бодвол уншигчдийн 5% нь л таны зар сурталчилгааны үгийг ойлгохгүй бол та чадавхитай 5000 худалдан авагчийг өөрөөсөө холдуулж байна гэсэн үг.

Таны зар сурталчилгаа боломжит худалдан авагчдад чиглэсэн байх ёстой. Тиймээс тэдний тухай бүү март. Зар сурталчилгаандаа "бид"-ийн оронд "та" гэсэн үг хэрэглэ. Та тэдний ямар онцгой хэрэгцээг хангадгаа бод. Үүний зэрэгцээ зар сурталчилгаа бол боломжит худалдан авагчидтайгаа "нэгэн зэрэг" ярих хэрэгсэл гэж бодохыг олон мэргэжилтнүүд зөвлөдөг. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа нь уншигчдийг нэг бүрчлэн итгүүлэх ёстой.

Үйл ажиллагаанд уриалан дуудахаа мартаж болохгүй. Зар сурталчилгааг уншиж дуусангуут нь та уншигчаар юу хийлгэмээр байна. Тэднээр бүү таалга...шууд хэл - Илүү их мэдээлэл авахыг хүсвэл захидал бич эсвэл утсаар ярь; Үнэ төлбөргүй шалгуулъя гэвэл хүрч ирэгтүн; Өнөөдөр манайд ир, Хямдрал Бямба гаригт дуусна. Хямдралаа дуусгах үедээ энэ талаар бод.

Хүчтэй зураг хүчтэй мэдэгдэл хийдэг. Тэдний анхаарлыг мэдээндээ тат. Зарим зар сурталчилгааны мэргэжилтнүүд "гуравны нэгийн дүрэм" -ийг баримтлахыг зөвлөдөг. Энэ дүрмийн дагуу зар сурталчилгааны гуравны нэг нь зургийн элемент, гуравны нэг нь текст, үлдсэн гуравны нэг нь хоосон зай (ямар ч текст, зураг байхгүй) байх ёстой юм.

Зар сурталчилгаандаа хэт их зүйл байлгах нь дэндүү шахуу харагдуулдаг. Ийм зар анхаарал татахгүй. Уншигчид таны мэдээг уншихаас зайлсхийнэ. Бага зүйл оруулахад анхаарал их татах нь олонтаа.

Зар сурталчилгааныхаа харагдах байдлыг нэг хэвийн байлга. Хэрэв та текстээ тогтмол өөрчилдөг бол зар сурталчилгааныхаа харагдах байдлыг бүү өөрчил. Та уншигчид тасралтгүй, тогтвортой байдлыг үзүүлснээр үр нөлөөтэй имижийг бий болгож чадна.

Ямар ч байсан таны зар сурталчилгаа таны өрсөлдөгчдийн зар сурталчилгаатай адилхан харагдаж болохгүй. Та компанийхаа өвөрмөц шинж чанарыг бий болгох хэрэгтэй. Хэрэв таны зар сурталчилгаа танай өрсөлдөгчийнхтэй адилхан харагдвал уншигч та нарын хэнийх нь зар сурталчилгааг уншиж байна бодох бол?

*** Радио

Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network
Та радиогоор зар сурталчилгаа явуулахдаа, сонсох шаардлагатай сонсогчдод ханддаг.

таны зар сурталчилгааг сонсохын тулд сонсогч үйлдэл хийдэг (радио долгионыг идэвхтэй өөрчилдөг). Сонсогчид гол төлөв ганцаараа сууж байдаг тул (голчлон машиндаа), тэдэнтэй ганцаарчилсан ярилцлага хийж байгаа мэт ярь. Тэдэнд шууд хандвал таны мэдээ тэдэнд хүрэх болно.

Радиог амжилттай хэрэглэхэд юу хэрэгтэй байдаг талаар мэдье гэвэл эдгээр зөвлөмжийг ашигла.

Радиогийн сайн зар сурталчилгаа бүтцийн хувьд бусад аливаа төрлийн зар сурталчилгаанаас их ялгагддаггүй. Гарчгаар эхэл - энэ тохиолдолд, сонсогчдод юу хэлэх гэж байгаагаа хэлсэн хүчтэй нээлтийн үг хэрэглэ. Дараа нь тэдэнд хэлэх зүйлээ хэл. Үүний дараа тэдэнд юу хэлснээ хэлж дуусга. Зар сурталчилгаагаа дуусгахдаа үйл ажиллагаанд уриалан дуудах хэрэгтэй - манай бүтээгдхүүнийг худалдаж ав, манай сэтгүүлийг унш, одоо бидэн рүү утасд, г.м.

Радиогоор зар сурталчилгаа явуулахдаа мэдээгээ энгийн, төвлөрсөн байлгах хэрэгтэй. Нэг сэдвийг сонгоод түүнээсээ бүү хазай. Ямар нэгэн зүйлийг чангаар хэлэхэд зүгээр уншихаас илүү удаан байдгийг сана. 30 секундын радио сурталчилгаа дунджаар дөнгөж 70 үг агуулдаг. Энэхүү 30 секундэд компанийхаа нэрийг дор хаяж гурван удаа дурд.

Радиод давталт их чухал. Учир нь сонсогчдыг танай нэр, бүтээгдхүүн, үйлчилгээтэй танил болгохын тулд таны зарыг хэд хэдэн удаа нэвтрүүлдэг. Давтамж нь чимээ шуугианы дундуур таны зарыг хүргэхэд тусална. Радио сурталчилгаагаа долоон хоногийн турш өдөр бүр тогтмол цагт явуулах талаар бодож үз. Долоон хоног зараа зогсоогоод дахиад нэг долоон хоног явуул.

*** Телевиз

Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network
Та телевизийг том компанийн зар сурталчилгааны цайз гэж бодож болох юм. Гэвч кабелийн телевиз хөгжиж, тодорхой бүс нутагт телевизийн нэвтрүүлэг цацах боломжтой болсонтой холбогдуулан, жижиг бизнесүүд ч телевизийн зар сурталчилгааг үр дүнтэй ашиглаж чадахаар болсон. Телевизийг болгоомжтой ашиглах ёстой. Учир нь телевизийг буруу хэрэглэхэд амархан байдаг. Муу зар сурталчилгаа таныг тэнэг харагдуулаад зогсохгүй цаашилбал худалдан авагчдаа алдахад хүргэнэ.

Эдгээр зөвлөмж зар сурталчилгааг зөв хэрэглэхэд тусална.

Телевиз бол дүрсээр үзүүлэх хэрэгсэл. Та өөрийн талаархи мэдээг дүрсээр үзүүлэх хэрэгтэй болдог - зар сурталчилгаа дуугүй байсан ч дүрсээр нь юу хэлэх гээд байгааг нь үзэгч ойлгож чадах ёстой. Тиймээс дүрс таны зар сурталчилгааны хамгийн чухал хэсэг болно. Телевизийн сурталчилгааны үеэр хэрэглэх үг хамгийн ач холбогдол багатай хэсэг юм.

Телевизийн амжилттай зар сурталчилгаа сэтгэл хөдлөлөөр дамжуулан борлуулж чаддаг. Телевиз үзэгчид зар сурталчилгааг нарийвчлан санах нь ховор байдаг. Харин тухайн зар сурталчилгаа тэдэнд ямар мэдрэмж төрүүлснийг санадаг. Танай зар сурталчилгааг үзсэний дараа тэд өдөөгдсөн байх ёстой.

Гол санаагаа гарга. Та хоёр секунд орчим хугацаанд телевиз үзэгчийн анхаарлыг татах ёстой. Тиймээс эхлэхдээ хүчтэй гарчгийн дүрсээр үзүүлэх хувилбар болох хүчтэй имижийг хэрэглэ. Дараа нь таны зар юуны тухай өгүүлж буйг хэлэхэд нийтдээ таван секунд орчим хугацаа зарцуулна. Хэрэв энэ нь тодорхой биш байвал та үзэгчээ алдана гэсэн үг.

Мэдээллээ энгийн байлга. Ашиг тусаа тодотгож өг. Гэхдээ ашиг тусаа дүрсээр тодотгох ёстойгоо сана. Та ингэхдээ ямар ямар ашиг тус байгааг зүгээр л "хэлснээс" "үзүүлсэн" нь дээр.

Нэрээ дүрсээр хэлж өгөх ёстой. Нэрээ дэлгэцийн дээд талд эмблем, хаяг, утасны дугаарын хамт тавь. Үүнтэй зэрэгцэн диктороор нэр, хаяг, утсаа хоёр дахин чанга дуугаар хэлүүлэх хэрэгтэй.

Үйл ажиллагаанд уриалан дуудахаа бүү март. Үзэгчид юу хийхийг нь хэлж өг - Одоо утасд!!!; Орон нутгийнхаа дилер дээр оч; Үнийг нь харьцуул; Бидэнтэй ирж уулз; г.м.

*** Утасны лавлах

Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network
Та Утасны лавлахаар сурталчлуулах хэрэгтэй юү? Хүмүүс зөвхөн эндээс л таныхтай төстэй бизнесийг хайдаг байдаг бол сурталчилгаа тавих хэрэгтэй. Жишээлбэл, жижиглэн худалдаачид сурталчилгаа тавиулах хэрэгтэй. Зарим үйлчилгээний газар (жишээлбэл сантехник, зүлэг арчлах үйлчилгээ, хүүхдийн живх хүргэх, зочид буудал, дэн буудал г.м.) мөн сурталчилгаагаа тавиулах хэрэгтэй. Гэхдээ хэрэв та бизнесийнхээ дийлэнх хэсгийг тодорхойлох, сүлжээ үүсгэх замаар, эсвэл бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийдэг бол таны бизнесийн утасны үйлчилгээтэй цуг ирэх нэг удаагийн бүртгэлээр л утасны дугаараа оруулж болно.

Хэрэв хүмүүс таны бүтээгдхүүн, үйлчилгээг янз бүрийн хэсгээс хайдаг бол, та утасны дугаараа янз бүрийн хэсэгт тавиулах хэрэгтэй.

Утасны лавлах үздэг хүмүүс мэдээллийг идэвхтэй хайдаг. Ийм учраас Утасны лавлахын зар сурталчилгаа нь дүр төрхөн дээр тулгуурлаагүй, мэдээлэл дээр тулгуурласан байх хэрэгтэй. Өөрийн бизнесийн талаар аль болох их мэдээллийг уншихад амар форматаар оруулах хэрэгтэй.

Таны зар жагсаалтанд бусад өрсөлдөгчдийн зартай цуг орох учраас та онцгойрч харагдах арга олох ёстой. Хэрэв өнгөтэй хэвлэх боломжтой бол, та өнгөтөөр хэвлүүлэх (илүү зардлаар ч гэсэн хамаагүй) талаар бодож болно. Хэрэв танай өрсөлдөгч нар том зар гаргадаг бол тэднийхтэй адилхан буюу тэднийхээс том зар гаргах хэрэгтэй. Эс бөгөөс таны зар хуудсан дундаас олдохгүй болно.

Утасны лавлахын зарлалаа уншигчийн анхаарлыг татах тод үсгээр эхэлбэл зүгээр. Хэрэв та автомашин түрээслэдэг компанитай бол "Энэ хагас бүтэн сайнд машин түрээслэмээр байна уу?" гэх маягийн үгээр эхэлж, хариуд нь тийм гэж болно (эс бөгөөс уншигч Утасны лавлахаас таны зарыг үзэхгүй).

Компанийхаа нэрийг үндсэн текстээс том хэлбэр хэмжээгээр тод үзүүлэх хэрэгтэй. Мөн үйлчлэх хүрээгээ тодорхойл. Машин түрээслэдэг компанийн хувьд, "Дээд зэргийн машин түрээслэх.... Аль ч хотод хүрч үйлчлэх дөт үйлчилгээ."

Бизнесийнхээ тухай товч тодорхойлж бич - таныг өрсөлдөгчдөөс тань ялгаруулах Борлуулалтын онцгой саналаа тодотгож өг. (Дээд зэргийн машин түрээслэх үйлчилгээний хувьд: "Богино хугацаагаар болон хагас бүтэн сайнд машин түрээслэх үйлчилгээгээр манайх дагнадаг" гэх хэрэгтэй). Үүний дараа үйлчилгээнийхээ ашиг тус - санал болгох үндсэн үйлчилгээнүүд болон урамшууллуудаа (сүүлийн үеийн загварын суудлын автомашин, ачааны битүү тэрэг; компанийн хямдрал үзүүлэх; үнэгүй тосож авч, хүргэх; бүх томоохон кредит кардыг хүлээн авах; мөнгө буцаах баталгаа; г.м.) жагсаа. Эдгээр зүйлийг цэг болон богино хэллэг ашиглан ялгаж тэмдэглэвэл хүмүүс таны мэдээллийг богино хугацаанд ойлгож мэдэх болно.

Утасны дугаараа ялгарч харагдахаар тавихаа мартуузай. Утасны дугаараа үндсэн текстээс том хэмжээтэй үсгээр бичвэл зүгээр. Хэрэв өөр өнгөөр бичвэл бүр зүгээр. Уншигчид Утасны лавлахаас үүнийг л хайдгийг сана. Үүний зэрэгцээ хаягаа холбоо барих бусад мэдээллийн хамт үндсэн текстээс тусад нь оруул.

No comments: